СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

“Багануур” ХК-ийн нэмэлтээр гаргах хувьцааны талаар

“Багануур” ХК-ийн 49 хувийг хувьчлахтай холбоотой тогтоол, шийдвэрүүд.

2015 оны 7 сарын 3-ны өдрийн “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” 70 дугаар тогтоолын хавсралтад нийт 19 төрийн өмчит компанийг хувьчлах, нэмэлт хувьцаа гаргах замаар ЗГ-ын эзэмшлийн хувийг бууруулах тухай заасан байна.
Энэхүү УИХ-ын тогтоолыг хэрэжүүлэхтэй холбоотой ЗГ-ын 330 дугаар тогтоол гарч хэдийд хувьчлах, нэмэлт хувьцаа гаргах талаар дэлгэрэнгүй заасан байна.
Уг тогтоолын дагуу эхний ээлжинд “Монгол шуудан” ХК-ийн хувьцааны 34 хувийг 2016 оны 1 сард Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжаалсан ба дараагийн ээлжинд “Багануур” ХК-ийн нэмэлт хувьцааг олон нийтэд арилжаалах тухай яригдаж байна.
УИХ-ын 70 дугаар тогтоолын хавсралтад /“Багануур” хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 51 хувьд байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар тус компанийн нүүрс гаргах хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх/ гэж тодорхойлсон байна.
Бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан “Багануур” ХК-ийн ТУЗ-ийн 2015.10.22 өдрийн 32 тоот тогтоолоор “Ти Ди Би Капитал” ХХК-тай байгуулсан “Андеррайтер-зөвлөх үйлчилгээний гэрээ”-ний хугацаанд өөрчлөлт оруулан батлахаар болсон байна.
Мөн 2015.11.05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолд 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 20’974’360 ширхэг хувьцаатай байгааг нэмэлтээр 9’870’287 ширхэг хувьцааг Хөрөнгийн биржээр олон нийтэд арилжаалсаны дараа 30’844’647 ширхэг энгийн хувьцаатай байх, олон нийтэд арилжаалах үнийг хууль журмын дагуу тогтоох, нэмэлт 9’870’287 ширхэг хувьцааг олон нийтэд арилжаалах тухай дурдсан байна.
Нэмэлт хувьцаатай холбоотойгоор 2016 оны 4 сарын 18-ны өдрийн ТУЗ-ын тогтоолоор компанийн хувьцааг эзэмшиж буй энгийн хувьцаа эзэмшигчид нь өөрийн эзэмшиж буй хувьцааны тоотой хувь тэнцүүлэн тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй болохыг заасан бөгөөд хүсэлтээ 4 сарын 11-с 5 сарын 23-ны дотор “Багануур” ХК-д хандан гаргах тухай заажээ.

“Багануур” ХК-ийн талаар

1978 онд байгуулагдсан, 1995 онд хувьчлагдан төрийн өмч давамгайлсан “Багануур” хувьцаат компани болон өөрчлөгдсөн. Нийт хувьцааны 75 хувийг төр, 21.06%-ийг Mongolian national coal corporation, үлдэх 3.94%-г иргэд эзэмшдэг.
2014-2015 онд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Багануурын нүүрсний ордын гүйцээх хайгуулын ажил хийгдсэн. Хайгуулын үр дүнд балансын нөөц 280.0 сая.тн-оор нэмэгдэж Олон улсын JORC стандартаар үнэлэгдсэн нийт 812.0 сая.тн баталгаат нүүрсний нөөцтэй болсон. Энэ нь одоогийн байгаа хэмжээгээр олборолт явуулбал 200 жил ашиглана гэсэн үг юм.
Үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал 4.0 сая.тн бөгөөд дотоодын хэрэглэгчдийн нүүрсний хэрэгцээнээс хамаарч 3.6-3.8 сая.тн нүүрсийг олборлож 16.0-18.0 сая шоо метр хөрс хуулж, авто тээвэртэй болон тээвэргүй хосолсон ашиглалтын системээр олборлолт явуулдаг.
Монгол улсын нүүрсний хэрэгцээний 60%, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 70 гаруй хувийг дангаараа хангаж ирсэн. 0-200 мм бутармагтай нүүрсийг вагон болон бусад жижиг авто тээврийн хэрэгслээр хэрэглэгчдэд нийлүүлдэг.
Ордын байршлын хувьд Хэнтийн уулархаг мужийн зүүн өмнөд хэсэгт хэрлэн голын баруун эргийн дагуу оршдог. Орд газрын гадаргын өндөршилт нь далайн түвшнээс дээш 1332.9-1376.3 метрийн хооронд хэлбэлздэг талаар Багануур дүүргийн сайтад дурдсан байна.
“Багануур” ХК-ийн хамт олон нь уул уурхайн мэдлэг чадвар, дадлага туршлага хуримтлуулсан 288 төрлийн ажил мэргэжлийн 1100-аад ажилтантай ба тэдгээрийн 40%-ийг 35 хүртэлх насны залуучууд, 33%-ийг дээд, тусгай дунд боловсролтой ажилтнууд, 5%-ийг доктор, магистр, зөвлөх инженер, 14.6%-ийг ИТА-нууд эзэлдэг.
“Багануур” ХК нь “Багануур-Илж” ХХК, “Багануур-Сувилал” ХХК гэсэн хоёр охин компанитай.
Эдгээр компаниуд нь бие даасан хэлбэрээр санхүүгийн үйл ажиллагаагаа явуулдаг.

“Багануур” ХК-ийн санхүүгийн талаар

                                              *Санхүүгийн гол үзүүлэлтүүд (сая.төгрөг)*

formula

Сүүлийн жилүүдэд борлуулалт жил дарааллан өссөн дүнтэй байгаа боловч 2013 он хүртэл өндөр алдагдалтай гарч байсан бөгөөд 2014 онд 13.8 тэрбум төгрөгийг ашигтай гарсан байна. 2015 онд буцаад алдагдалтай гарсан бөгөөд аудитын дүгнэлт гаргасан Эрнест янг Монголиа ХХК-ийн тайланд тусгаснаар үндсэн хөрөнгийн элэгдэл өндөр 15 тэрбум төгрөг байсан нь тайланд ийнхүү алдагдалтай гарахад нөлөөлсөн байна. Энэхүү элэгдэл нь нэг удаагийн тооцоо тул цаашид Багануур ХК нь ашигтай ажиллах боломжтой гэж үзэж байна.
Жил ирэх бүр өр төлбөрийн хувь нэмэгдэж эзэмшигчийн өмчийн дүн буурч байна. Хэдийгээр авлагатай боловч эдгээр нь өр төлбөрийн дүнтэй харьцуулахад 8 орчим хувийг эзэлж байгаа нь өр төлбөрийг бууруулах тал дээр тодорхой шийдвэр гаргах хэрэгтэйг харуулж байна.

formula
Эх үүсвэр: "Багануур" ХК

Нэмж гаргах хувьцаа нь эзэмшигчийн өмчийн дүнг нэмэгдүүлж хөрөнгө оруулалтыг өсгөх давуу талтай ч урт хугацаанд компанийн стратегийг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай байна.

Хувьцааны талаар

“Багануур” ХК-ийн хувьцааны ханш нэлээд хэлбэлзэлтэй байж эдийн засгийн өсөлт өндөр байсан 2011 оны эхээр нэгж хувьцааны үнэ 40180 төгрөгт хүрч өссөн боловч жилийн дараа үнэ нь 4 дахин буурч 10 мянга орчимд хэлбэлзэх болсон байна.

formula

Цаашид тасралтгүй буурсаар 2016 оны 4 сарын 20-нд доод цэг болох 1500 төгрөгт хүрсэн байна.
Эдийн засгийн нөхцөл байдал хувьцааны үнийн өөрчлөлтөд шууд нөлөөлж байгаа бөгөөд 2010 оноо хойшхи эдийн засгийн өсөлттэй Багануур ХК-ийн хувьцааны ханшны динамиктай харьцуулан харахад тодорхой байна.

formula

Хувьцааны ханшийн өөрчлөлтийг илүү тодорхой харахын тулд 2012 оны 8 сараас хойшхи утгыг доорх графикт тусган харуулав.

formula

УИХ болон ЗГ-ын тогтоолын дагуу нэмэлт хувьцаа гаргахтай холбоотой андеррайтерийн үйлчилгээг “Ти Ди Би Капитал” ХХК үзүүлж, 5 сардаа багтааж роадшоуг зохион байгуулахтай холбоотой мэдээлэл тархсанаас хойш 4 сарын 20-ны доод үнэ болох 1500 төгрөгөөс 5 сарын 13-ны байдлаар хувьцааны үнэ бараг 2 дахин өсөж 2935 төгрөгт хүрээд байна.
Цаашид роадшоуг албан ёсоор эхлэх тохиолдолд хувьцааны үнэ тодорхой хугацаанд өсөх бөгөөд энэ нь Монголын хөрөнгийн зах зээл дээр шинээр IPO хийж байгаа болон нэмэлт хувьцаа гаргаж буй компаниудын хувьд бараг уламжлал болсон зүйл гэж хэлж болно.
Хөрөнгө оруулагчдын гол анхаардаг зүйл бол тухайн компанийн зах зээлийн үнэлгээ байдаг. Энэ нь үзүүлэлт нь макро эдийн засгийн, компанийн болон хувьцааны борлуулалтын нөхцөл байдал зэргээс шалтгаалан байнга өөрчлөгдөж байдаг ба эдийн засгийн өсөлт өндөр байсан 2011 онд “Багануур” ХК-ийн зах зээлийн үнэлгээ 274.8 тэрбум төгрөгт хүрч байв.
СЗХ-ны 2015 оны 3-р улирлын санхүүгийн зах зээлийн тоймоос харвал “Багануур” ХК-ийн зах зээлийн үнэлгээ 58.73 тэрбум төгрөг байна. Энэ нь 2011 онтой харьцуулахад зах зээлийн үнэлгээ 4.7 дахин буурсан дүн юм.
Нөгөө талаар дээр графикт харуулсаны дагуу эдийн засгийн нөхцөл байдал сэргэх тохиолдолд хөрөнгө оруулагчдын идэвхи нэмэгдэх нь тодорхой юм. 2016 оны 5 сард Оюутолгойн далд уурхайн гэрээ байгуулагдаж энэ ондоо багтаан 400 сая долларын эхний ээлжийн хөрөнгө оруулалт орж ирнэ. Энэ нь эргээд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх ингэснээр МХБ дээр компаниудын хувьцааны үнийн өсөлтийг бий болгох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Гаүли үнэт цаасны компанийн тооцоолсоноор борлуулалтын орлогыг нэгж хувьцаанд харьцуулсан харьцаа нь 4871.47 гарсан нь цаашид хувьцааны үнэ энэ дүн хүртэл өсөх боломжтой гэж харагдаж байна.
Монголын хөрөнгийн биржийн 2016.05.19-ний өдрийн мэдээнд Хөрөнгийн биржид “Багануур” ХК-ийн нэмэлт хувьцааг бүртгэсэн талаар дурдсан байна. Ингэснээр тус компанийн хувьцаа 9,870,287 ширхэгээр нэмэгдэж 30,844,647 ширхэг болсон байна. Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрөл гарсан тохиолдолд Хөрөнгийн зах зээл дээрх нэмэлт хувьцааны арилжаа эрх нээгдэх бөгөөд 5 сардаа багтан олон нийтэд нэмэлт хувьцааны талаарх танилцуулгыг хийж, арилжаалах талаар компанийн зүгээс мэдэгдсэн байна.

Б.Энх-Амгалан

“Говь” ХК-ийн хувьцааны үнийн өөрчлөлтөд хийсэн шинжилгээ

Энэхүү ажлаар Монгол хөрөнгийн зах зээлийн гол индекс болох ТОП 20 индекст багтдаг ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Говь” ХК-н хувьцааны үнэ, хувьцааны борлуулалт болон нэгж хувьцаанд ногдох өгөөжийн өөрчлөлтийн талаар шинжилж үзэхийг зорьсон болно.

“Говь” ХК нь анх 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалтаар ямааны ноолуур болон тэмээний ноосыг боловсруулж бүтээгдэхүүн үйлдввэрлэх зорилготойгоор анх байгуулагдсан.
2007 оны 7 сард төрийн өмчийн мэдэлд байсан хувьцааг олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар арилжаалахад “Эф Си Ай” ХХК худалдан авсан ба одоогоор нийт хувьцааны 34%-г “Hide inter” LLC, 29%-г “Эф Си Ай” ХХК, 16%-г “Таван богд трейд” ХХК, 6%-г “Үлэмжих” ХХК, үлдэх 15%-г бусад жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг байна.

“Говь” ХК-ийн 2012 оны 1 сарын 2-с 2015 оны 11 сарын 06 өдөр хүртэлх хувьцааны тоо мэдээнд үндэслэн зарим статистик шинжилгээг хийж үзлээ.
Дурдсан хугацаанд хувьцааны хаалтын ханшийн ерөнхий статистик үзүүлэлтийг авч үзвэл:

Зураг 1. "Говь" ХК-ийн ханшийн ерөнхий статистик үзүүлэлт
formula
Эх үүсвэр: Монголын Хөрөнгийн Бирж

гарч байгаа бөгөөд энэ хугацаанд хамгийн багадаа 2700 төгрөг, хамгийн ихдээ 11830 төгрөг хүрч байсан бол дундаж ханш нь 6204.9 төгрөг байна. Энэ нь хувьцааны худалдагдсан тоогоор жигнэж тооцсон утгын хамгийн их ба бага утга болон дунджаас онцын хол зөрүүгүй байна.

Сүүлийн 4 жилийн хувьцааны арилжагдсан тоо ширхэгийг авч үзвэл 2012, 2013 онуудад арилжаа өндөр байсан бол 2014 онд огцом 78.6 хувиар огцом буурсан бөгөөд арилжаалагдсан мөнгөн дүнгээр нь харвал 68.1 хувиар тус тус буурсан байна.

formula
Эх үүсвэр: Монголын Хөрөнгийн Бирж

Энд арилжаалагдсан тоо болон мөнгөн дүнгээр бууралттай харагдаж байгаа боловч 2014 онд нэгж хувьцааны үнэ огцом өссөн байна. Энэхүү өсөлтийг графикаар харуулбал:

Зураг 2. Хувьцааны үнийн өөрчлөлт
formula
Эх үүсвэр: Монголын Хөрөнгийн Бирж

Зургаас зарим нэг онцлог үеийг эс харгалзвал зугуухан өсөж ирсэн байна. Энэхүү үр дүн нь Монголын хөрөнгийн зах зээлийн гол үзүүлэлт болох ТОП20 индексээс эсрэг чиглэлтэй, өөрөөр хэлбэл энэ хугацаанд ТОП20 индекс буурч байсан бол “Говь” ХК-ийн хувьд ханш өсч ирсэн байна.

Зураг 3. ТОП 20 индескийн өөрчлөлт
formula
Эх үүсвэр: Монголын Хөрөнгийн Бирж

Өсөлтийн хурдыг геометр дунджаар тооцож үзэхэд 2012 онд өдрийн ханш дунджаар 0.08 хувиар буурч байсан бол 2013 онд 0.11 хувиар, 2014 онд 0.156 хувиар, 2015 оны 11 сарын байдлаар 0.09 хувиар тус тус өссөн боловч сүүлийн жилд өсөлтийн хурд саарсан дүнтэй харагдаж байна.

Дараагийн ээлжинд бид бүхний сонирхох зүйл бол хувьцаанаас олж буй өгөөж буй хувьцааны ханшийн өөрчлөлтөөс бид хэдэн хувийн ашиг олж болох вэ гэдэг асуудал юм.
Хувьцаа нь өөрөө зах зээлийн нөхцөл байдлыг тусгадаг тодорхой хэмжээний рисктэй байдаг тул зарим үед хувьцааны ханшийн бууралтаас шалтгаалан алдах, зарим үед ханшийн өсөлтөөс шалтгаалан ашиг олох тохиолдолууд байдаг.

Ханшийн өгөөжийг сар бүрээр тооцож 2012 оны 1 сараас 2015 оны 10 сарыг дуустлах хугацааны өгөөжийг зургаар харуулав.

Сар бүрийн өгөөж
formula
Эх үүсвэр: МХБ-ын тоо мэдээг ашиглан судлаачийн хийсэн тооцоолол

Арилжааны банкны хадгаламжийн сарын дундаж хүү 1.1 хувь байгаатай харьцуулахад хүснэгтэд харуулж буй өгөөж өндөр байна. Гэхдээ хөрөнгө оруулах шийдвэрийг гаргахаас өмнө хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани, бусад арилжаа эрхлэгч байгууллагуудад хандах, эсвэл хөрөнгө оруулагч өөрөө хувьцааны өсөлт, бууралтын суурь болон техник шинжилгээг хийж чадвал өндөр ашиг олох боломж байна.

Энэхүү хугацааны ханшийн өгөөжийн ерөнхий статистик үзүүлэлтийг авч үзвэл хамгийн их хэлбэлзэлтэй жил 2012 онд таарч байв. Тухайлбал 2012 оны 11 сард хамгийн өндөр бууралттай буюу сарын 27.87 хувийн алдагдалтай гарч байсан бол 12 сард нь хамгийн өндөр өгөөжтэй буюу 40.52 хувьтай гарч байна.

Сар бүрийн өгөөжийн ерөнхий статистик үзүүлэлт.
formula
Эх үүсвэр: МХБ-ын тоо мэдээг ашиглан судлаачийн хийсэн тооцоолол

Дүгнэлт.

“Говь” ХК-ийн хувьцааны үнэ, борлуулалт болон өгөөжийн талаар хийсэн судалгааны үр дүнд дараах дүгнэлтэд хүрэв.
1. “Говь” ХК-ийн хувьцааны үнэ харьцангуй өндөр хэлбэлзэлтэй байна.
2. Компанийн хувьцааны арилжаа 2012, 2013 онуудад өндөр байсан бол 2014, 2015 онуудад асар өндөр хурдацтайгаар буурсан байна. Үүний гол шалтгааныг эдийн засгийн өсөлт удааширсантай холбон тайлбарлаж болох юм.
3. Арилжаалагдсан дүн буурч байгаа боловч хувьцааны ханш, авч үзэж буй хугацаанд өссөн нь ТОП 20 индексээс эсрэг чиглэлтэй байна.
4. Арилжааны банкны хадгаламжийн сарын дундаж хүү 1.1 хувьтай байгаатай харьцуулахад “Говь” ХК-ийн өгөөж маш өндөр хувьтай байгаа нь рискийг зөв удирдаж чадвал өндөр ашиг олох өргөн боломж байгааг харуулж байна.
5. Энд дан ганц “Говь” ХК-ийн хувьцаанд үндэслэн шинжилгээг хийсэн тул хөрөнгө оруулагч өөрийн рискийг багасгах үүднээс багцын хөрөнгө оруулалтыг сонгож болно.

Мэдээллийн эх үүсвэр:

http://mse.mn/company/percentage/code/354
http://governance.mn/company/14/about

2014 оны үнэт цаасны арилжааны талаарх шинжилгээ

Хувьцааны арилжаа

Монголын хөрөнгийн биржийн 2014 оны тайлангаас харвал нийт 255 удаагийн арилжаагаар 137 компанийн 51.7 сая ширхэг хувьцааг 24.2 тэрбум төгрөгөөр, Засгийн газрын үнэт цаасны 9 удаагийн арилжаагар 375.5 мянган ширхэг үнэт цаасыг 36.1 тэрбум төгрөгөөр арилжиж, нийт 60.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Үүнийг хувиар илэрхийлбэл хувьцааны арилжаа 40.16%, Засгийн газрын үнэт цаасны арилжаа 59.84% тус тус эзэлж байна.

2014 онд өмнөх онтой харьцуулахад хувьцааны арилжаа 97.6 тэрбумаас 24.2 тэрбум болж 73.4 тэрбум төгрөг буюу 75.2 хувиар буурсан нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоос гадна засгийн газрын үнэт цаасыг арилжаалж эхэлсэнтэй холбоотой байж болох юм. Учир нь Засгийн газрын үнэт цаасны арилжаа явагдсан 11, 12 сард нийт 36.1 тэрбум төгрөгийн бондын арилжаа хийгдсэн байна. Үүнийг нийт дүнгээр нь авч үзвэл 60.3 тэрбум төгрөг болж 2013 онтой харьцуулахад 38.2 хувиар багассан гэсэн дүгнэлтэд хүрч байна.

Эндээс харахад цаашид Засгийн газрын бондын арилжаа идэвхижих тохиолдолд хувьцааны арилжааны нийт дүнд эзлэх хувь ихээхэн бага гарч болох бөгөөд үндсэндээ ЗГ-ын бондын арилжаа дээр хөрөнгийн зах зээл тулгуурлах магадлалтай байна. Монголын хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны арилжааг илэрхийлдэг ТОП 20 индексийг дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлдог S&P500 индекстэй харьцуулан харуулъя.

Зураг 1. ТОР-20 индекс ба S&P500 индекс
g1
Эх үүсвэр: Монголын хөрөнгийн бирж, Yahoo finance

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой байгаа энэ үед S&P 500 индекс өсөх хандлагатай байгаа бол Монголын эдийн засгийн таагүй нөхцөл байдлаас шалтгаалан ТОП20 индекс уналттай гарч байна. Нөгөө талаар S&P 500 индексийн хэлбэлзэл харьцангуй бага байгаа бол ТОП 20 индексийн хэлбэлзэл өндөр байна.

Тэгвэл энэхүүх хэлбэлзэл өндөртэй байгаа ТОП 20 индексийг өмнөх хоёр жилтэй нь харьцуулсан графикаар харьцуулан харъя.

2012, 2013, 2014 оны дүнгээс нийтлэг харагдаж байгаа зүйл нь хавар 3 сарын сүүл үеэс ханш буурах боловч, 6 сараас өсч энэхүү өсөлт нь 8 сард тогтворжих боловч 9 сараас өсч, оны төгсгөл рүү өсөх хандлагатай байдаг байна.

years
Эх үүсвэр: Монголын хөрөнгийн бирж

Энд бас нэг нийтлэг харагдаж байгаа үзүүлэлт нь наадмын өмнөх хэд хоногт ТОП 20 индекс ердийн үеийнхээс илүү өсөлттэй байдаг дүр гарч байна.
Дараагийн нэг онцлог зүйл нь өмнөх хоёр жил 2012, 2013 оны 12 сараас эхлэн ТОП 20 индекс өсдөг байсан бол 2014 онд өсөлт ажиглагдахгүй бууралттай хэвээр гарсан нь 11 сараас Засгийн газрын бондыг хөрөнгө оруулагчид сонирхож эхэлсэнтэй холбоотой болов уу.

Ерөнхий статистик үзүүлэлт

Сүүлийн 3 жилийн ТОП 20 индексийн ерөнхий статистик үзүүлэлтүүдийг одоо авч үзье.

stats

Хэдийгээр 2014 онд хувьцааны арилжааны дүн ихээхэн хэмжээгээр буурсан боловч ТОП 20 индексийн дундаж утга 648.3 нэгжээр өссөн байна. Мөн куртосис, скьюнесс утгаас харвал тархалт нь нормал бус байна. Харин 2014 онд ТОП 20 индексийн стандарт хэлбэлзэл нь 2013 оны түвшингөөс бараг 3 дахин багассан байгаа нь хөрөнгийн зах зээл дээрх савлагаа буюу ханшны хэт өндөр өөрчлөлт багассаныг илэрхийлж байна.

Санал дүгнэлт

Дүгнэж үзэхэд хөрөнгийн зах зээлийн хөгжил 2014 онд сул хэвээр бөгөөд хувьцааны арилжааны буурч, ЗГ-н бондын арилжаа дээр тулгуурласан үнэт цаасны арилжаа болох магадлалтай байна.
Иймд цаашид:

  1. ЗГ-н бодлогын түвшинд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч, төрийн өмчийн компаниудын хувьцааг биржээр дамжуулан арилжаалах боломж бүрдүүлэх,
  2. “Эрдэнэс таван толгой”-н асуудлыг яаралтай шийдвэрлэж, ард түмэнд олгосон 1072 хувьцааг үнэт цаасны зах зээл дээр чөлөөтэй арилжаанд оруулах боломжийг бүрдүүлэх,
  3. Гадны жижиг хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн зах зээлд орж ирэх боломжийг хангаж өгөх, Ялангуяа гадны жижиг хөрөнгө оруулагчдыг анхаарлыг Монголын хөрөнгийн зах зээл рүү татах шаардлагатай.

Одоогийн нөхцөл байдал нь ҮЦК-ууд хөрөнгө оруулагчийг Монголд ирүүлэхгүйгээр дансыг нээх боломжтой боловч арилжааны банкууд дээр нээгдэх эскроу данс нь маш төвөгтэй маш олон төрлийн нотриатаар баталгаажуулсан баримт бичиг нэхдэг нь жижиг хөрөнгө оруулагчдыг орж ирэх боломжийг хааж байна.

TOП-20 индекс ерөнхий статистик үзүүлэлтийн шинжилгээ

Удиртгал

Монголд Хөрөнгийн бирж 1991 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1999 оноос Монголын тэргүүлэх 75 хувьцаат компаний арилжаанаас бүрдэх ТОП-75 индекс, 2003 оноос сагсны бүтцийг өөрчлөн тэргүүлэх 20 компаниас бүрдэх ТОП-20 индекс, 2014 оны 7 сарын 28-аас туршилтаар хөрөнгийн биржид бүртгэлтэй бүх хувьцаат компаниас бүрдэх MSE ALL индексийг тооцон гаргах болсон.

Эдгээр индексээс ТОП-75 индекс нь тооцонд ашиглагдахаа больсон. MSE ALL индексийн хувьд туршилт хэлбэрээр нэвтэрүүлээд удаагүй тул хугацааны хувьд хэт богино юм. Иймд урт хугацаанд олдох боломжтой, шинжилгээний үр дүнг бусад улс орныхтой харьцуулах боломжтой индекс нь ТОП-20 болж байна.

Хөрөнгийн зах зээлийн индексийн хэлбэлзлэлийн талаар гадны улс орнуудад нэлээд их судалгааны ажил хийгдсэн байдаг боловч Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хувьд төдийлөн хэлбэлзлэлийг нарийвчлан судалж олон нийтэд тархаасан нь ховор байдаг. Тиймээс хөрөнгө оруулагч болон сонирхогч нарт зориулан ТОП-20 индексийн талаарх ерөнхий статистик үзүүлэлтүүд болон түүний тайлбарын талаарх бага хэмжээний ажлыг танилцуулж байна.

Тоо мэдээ

Шинжилгээнд Монголын хөрөнгийн биржээс авсан өдөр бүрийн үнэт цаасны арилжааны тоо мэдээг ашигласан. Хугацааны хувьд 2011 оны 4 сарын 1-ээс 2014 оны 8 сарын 4 хүртэлх нийт 837 ажиглалтын утгыг хамарч байна. Хугацааны интервалын хувьд баяр ёслол болон долоо хоногийн сүүлийн амралтын өдрүүдийг оруулалгүйгээр ажлын 5 өдрийг хамарч байгаа боловч зарим нэг өдрийн арилжааны тоо мэдээг хамруулах боломжгүй байв.

formula

Энд R нь өдрөөр тооцсон өгөөж бөгөөд t болон t-1 хугацааны ТОП-20 индекс P-н натурал логарифм утгын зөрүү юм. Сарын болон жилийн өгөөжийг тооцохдоо сард ногдох болон жилд ногдох сарын өгөөжийн нийлбэр дүнгээр тооцон харуулах боломжтой юм.

Ерөнхий статистик үзүүлэлтүүд

Зураг 1-д ТОП-20 индексийн өгөгдсөн утга (TOП-20 index) болон түүнийн натурал логарифм утгын зөрүү буюу нэгдүгээр эрэмбийн ялгаварын (DLTOP) утгыг харуулж байна.

Зураг 1. ТОР-20 индекс ба түүний өөрчлөлт
index

ТОП-20 индекс 2011 оны эхээр дээд цэгтээ хүрсэнээс хойш огцом буурч 2011 оны 6 сараас бууралтын хурд саарсан боловч бууралт ажиглагдсаар байна. Өгөөжийг (DLTOP) тооцсон утгаас харахад хэлбэлзэл өндөртэй ялангуяа 2013 оноос хойш хэлбэлзлэлийн давтамж өндөр байгаа үнэт цаасны зах зээл бүрэн тогтворжиж чадаагүй болохыг харуулж байна.

Хүснэгт 1-д ерөнхий статистик үзүүлэлтүүдийг нийт хугацаа, хугацааны эхний хагас, хугацааны сүүлийн хагас гэсэн гурван хэсэгт хуваан авч үзэв. Нийт хугацааны утгаас харвал ТОП-20 индексийн өдрийн дундаж өгөөж нь -0.05 хувь буюу сараар тооцож үзвэл -1.5 хувьтай байна. Гэхдээ энэ үзүүлэлтийг хугацааны эхний болон сүүлийн хагастай харьцуулан харвал ялгаатай дүр зураг гарч байна. Эхний хагаст өдрийн -0.11 хувь (сарын -3.3хувь), сүүлийн хагаст 0.0097 хувь (сарын 0.29 хувь) тус тус гарч байна. Хэдийгээр хугацааны эхний хагаст нийт арилжааны өгөөж сөрөг утгатай алдагдалтай байгаа хэдий ч, хугацааны сүүлээр энэ үзүүлэлт нэмэх болж эерэг өгөөжтэй гарч байгаа сайн тал ажиглагдаж байна. Гэхдээ энэ эерэг өгөөж нь арилжааны банкны хугацаагүй хадгаламжийн хүүгийн дундаж түвшин болох 0.6-тай харьцуулахад даруй 0.31 пунктээр бага гарч байна.

Түүвэрлэн авсан гурван хугацааны хувьд өгөөжийн хамгийн их болон хамгийн бага утгын хоорондын зөрүү маш өндөр байгаа нь хэлбэлзэл ихтэй болохыг харуулж байна. Үүний нэг баталгаа нь стандарт хэлбэлзэл бөгөөд өдрийн хэлбэлзэлийн утга гурван хугацааны хувьд ойролцоогоор 1.16 хувь байгаа нь Монголын хөрөнгийн биржийн арилжаа асар савлагаатай байгаагийн илэрхийлэл юм.

Хүснэгт 1. ТОП-20 индексийн ерөнхий статистик үзүүлэлтүүд (dltop)
stat
Эх үүсвэр: Монголын Хөрөнгийн Бирж

Хүснэгтээс нормал тархалттай эсэх таамаглалын Jarque-Beraутга болон магадлалын утга нь аль ч хугацааны хувьд няцаагдаж байгаа нь харагдаж байна. Энэ нь онолын таамаглалд авч үзэж буй нормал тархалтаас эмпирик шинжилгээнд авч үзэж буй тархалтын утга ялгаатай болохыг илэрхийлж байна гэсэн үг юм. Нөгөө талаар нормал тархалтын тэгш хэмийн зэргийг илэрхийлдэг Skewness болон тархалтын өндөрийн зэргийг илэрхийлдэг Kurtosis утга нь харилцан 0 ба 3 гэсэн утгыг авах ёстой байдаг. Тиймээс Skewness утга 0-ээс их гарч байгаа нь нийт хугацаа болон хугацааны сүүлийн хагасын тухайд нормал хэмжээнээс илүү урт баруун өрөөсгөл утгатай (long right tail) байгааг, хугацааны эхний хагаст сөрөг утгатай байгаа нь илүү урт зүүн өрөөсгөл утгатай (long left tail) байгааг тус тус илэрхийлж байна. Kurtosis утга нь аль аль хугацаанд 3-аас их гарч байгаа нь хэт өндөр зэрэгтэй болохыг тус тус илэрхийлж байна. Энэ нь хөрөнгө оруулагчийн олох эерэг өгөөжийн хэмжээ алдагдалаасаа их байх боловч олох эерэг өгөөжийн хэмжээ маш багатай болохыг илэрхийлж байна гэсэн үг юм.

Эцэст дүгнэж үзэхэд стандарт хэлбэлзэл өндөр байгаа нь тэр хэмжээгээр хөрөнгө оруулалтын эрсдэлийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчид үнэт цаасаар хөрөнгө оруулахаас илүүтэй банкны хадгаламж зэрэг илүү эрсдэл багатай өгөөж өндөртэй зүйлд хөрөнгө оруулах сонирхолыг төрүүлж байна. Тиймээс цаашид хөрөнгийн биржийг олон улсын жишигт хүргэж ажиллах, ингэхдээ аль болох Монголын нөхцөлд тохирсон гадныхны анхаарлыг татахуйц үйл ажиллагаа явуулах шинэлэг санаагаар ажиллах хэрэгтэй. Үүний тод жишээ нь амжилттай IPO хийсэн Варшавын Хөрөнгийн Бирж бөгөөд одоо Европын хамгийн идэвхитэй биржүүдийн тоонд орж сүүлийн жилүүдэд гадны 23 компанийг оролцуулаад нийт 383 компаний IPO-г хийсэн байна. Варшавын хөрөнгийн биржийн индексийг ашиглан тооцсон өгөөжийн стандарт хэлбэлзэл ч Монголынхоос хамаагүй бага 0.82 хувь байна. Ойрхоны амжилттай яваа жишээ гэвэл манайхаас сүүлд 1993 онд байгуулагдсан Казакстаны Хөрөнгийн Бирж байна.