СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

ТОП-20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЭЖ, БҮРТГЭЛИЙН I БОЛОН II АНГИЛЛЫН ИНДЕКСҮҮД ТООЦОГДОЖ ЭХЭЛЛЭЭ

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам”-ыг Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр батламжилсан тул МХБ-ийн Гүйцэтгэх Захирлын 2018 оны А/15 тоот тушаалын дагуу ТОП-20 Индексийн сагсыг шинэ журмын дагуу дахин бүрдүүлж, тооцооллыг шинэчлэхийн хамтад бүртгэлийн I болон II ангиллын индексүүдийг тооцоолж эхэллээ.

ТОП-20 индексийн тооцоололд орсон гол өөрчлөлтүүд нь:

  • Индексийн сагсыг жилд нэг удаа шинэчилдэг байх, улмаар ТОП-20 индексийг дагагч хөрөнгө оруулагчдын зардлыг бууруулах,

  • Индексийн тооцоололд зөвхөн тухайн компанийн 5 ба түүнээс бага хувьтай тэнцэх хэмжээний үнэт цаас эзэмшигчдийн нийлбэр дүнг авч үзсэнээр индексийг олон нийтийн эзэмшлийн хувь /free-float/-д суурилан тооцоолох олон улсын жишигт нийцүүлэх,

  • Тухайн үнэт цаасны индексэд үзүүлэх нөлөөг хязгаарлагч коеффициентыг улирлын давтамжтайгаар хянан, дахин тооцоолж байх зэрэг өөрчлөлтүүд болно.

Ийнхүү, ТОП-20 индексийн багцыг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр шинэчлэн бүрдүүлсэн бөгөөд индексийн сагсад орсон өөрчлөлтүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

Түүнчлэн, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны төслийн зөвлөмжийн дагуу бүртгэлийн шалгуураар ангилсан үнэт цаасны 2 индекс нэвтрүүлж байгаа болно. Энэ нь хөрөнгө оруулагч, арилжаанд оролцогчдод аль ангиллын компаниуд өсөлт, бууралттай байгааг харуулахаас гадна үнэт цаасны индексэд суурилсан бүтээгдэхүүн гаргах суурь нь болж байгаа юм. I ангиллын (MSE A Индекс) болон II ангиллын (MSE B Индекс) индексийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлүүлж, эхлэлийн утгыг 10,000 нэгж байхаар нөхөн тооцоолсон бөгөөд өнгөрсөн хугацаанд MSE A Индекс нь 7,9%-ийн өсөлттэй, харин MSE B Индекс нь 0,8%-ийн өсөлттэй байна.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж