"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА
“Инвескор ББСБ” ХК-ийн нэг бүр нь 4,155 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 4,000,000 ширхэг нэмэлт хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.
Анхдагч зах зээлд тогтоосон үнийн аргаар санал болгосон энэхүү нэмэлт хувьцааны захиалгын явцад эрэлт нь нийлүүлэлтээсээ давж, “Green shoe” хэрэгжүүлэн 16,363 ширхэг хувьцааг нэмж санал болгосноор олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагчид нийт 4,016,363 ширхэг хувьцааг захиаллаа.
Тодруулбал, арилжааны системд 526 хөрөнгө оруулагчийн 531 захиалга бүртгэгдэж, нийт 16,687,988,265 төгрөгийг “Инвескор ББСБ” ХК амжилттайгаар татан төвлөрүүлээд байна.
Захиалгын бүтцийг авч үзвэл, стратегийн 21 хөрөнгө оруулагчаас 2,865,454 ширхэг буюу 11,905,961,370 төгрөгийн захиалга, “Инвескор ББСБ” ХК-ийн 32 ажилтнаас 64,146 ширхэг буюу 266,526,630 төгрөгийн захиалгыг тус тус бүртгэлээ. Түүнчлэн олон нийт буюу жижиглэнгийн 473 хөрөнгө оруулагч 1,086,763 ширхэг буюу 4,515,500,265 төгрөгийн үнийн дүн бүхий захиалга өгсөн байна.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж