"МОН БИЙФ" КОМПАНИЙН ШИНЭЭР ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 350 тоот тогтоол болон Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/59 тоот тушаалаар бүртгэгдсэн “Мон Бийф” компанийн шинээр гаргаж буй энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10:00 цагаас эхлүүлж, ажлын 5 өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авахаар боллоо.
Тус компани нь нийт хувьцааныхаа 30 хувь буюу 64,285,700 ширхэг хувьцааг олон нийтэд тогтоосон үнийн аргаар санал болгож байгаа бөгөөд нийт 2,892,856,500 төгрөгийг татан төвлөрүүлж, энэхүү хөрөнгийг үйлдвэрийн байр болон тоног төхөөрөмжийн худалдан авалтад зарцуулахаар төлөвлөжээ.
Анхдагч зах зээлийн арилжааны явцад олон нийтээс хувьцаа худалдан авахаар өгсөн захиалгын хэмжээ нийлүүлэлтээс давсан тохиолдолд хувь тэнцүүлэх бөгөөд ингэхдээ 10,000 ширхэг болон түүнээс доош тоо ширхэг бүхий захиалга бүрийг хувь тэнцүүлэхгүйгээр биелүүлнэ.
Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж