Даатгалын зах зээлд шинэ алхам болох IPO-уудыг зөвшөөрч, “Зоос гоёл” ХК-ийн хувьцааг бүртгэлээс хаслаа
Санхүүгийн зохицуулах хороо өнөөдрийн ээлжит хуралдаанаараа “Ард даатгал” ХХК-ийн нэг бүр нь 200 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 25.0 сая, “Мандал даатгал” ХХК-ийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 6 243 016 ширхэг үнэт цаасны бүртгэлд тус тус бүртгэлээ. Бүртгэлд авсан хувьцаанаас “Ард даатгал” ХХК 30 хувь буюу 7.5 сая ширхгийг 700 төгрөгийн, “Мандал даатгал” ХХК 25 хувь буюу 1 560 754 ширхгийг 4800 төгрөгийн тогтоосон үнээр тус тус нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрөв.
“Ард даатгал” ХХК-д “БиДиСек ҮЦК” ХХК, “Мандал даатгал” ХХК-д “Голомт капитал ҮЦК” андеррайтерийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд дээрх хоёр IPO буюу анх удаа нийтэд санал болгож буй хувьцааг тус бүр 100 хувь анхдагч зах зээлд арилжаалж, шаардлагатай хөрөнгийг бүрэн төвлөрүүлсэн тохиолдолд “амжилттай” болсонд тооцохоор тогтлоо.
Мөн хуралдаанаар, нийт хувьцааны 90.19 хувь төвлөрсөн “Зоос гоёл” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн хэлбэрийг өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болгох тухай шийдвэрт үндэслэн тус компанийн нэг бүр нь 28800 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 13038 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хаслаа. Үүнтэй холбогдуулан 5-аас бага хувийн хувьцаа эзэмшиж буй 369 хувьцаа эзэмшигчид оногдох ногдол хувийг нэгж хувьцаанд 289440 төгрөгөөр тооцож авахыг компанид үүрэг болгож, ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр үлдэж болох эрхийг жижиг хувьцаа эзэмшигчдэд нээлттэй үлдээв.
Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо