"АРД КРЕДИТ ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2019.03.12-НД ЭХЭЛНЭ
Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн 1/820 тоот албан бичгийн дагуу "Ард Кредит ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо.
Тус компанийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга олон нийтэд санал болгосон дүнгээс 3 дахин давж ирсэн бөгөөд нийт ирүүсэн захиалгын дийлэнх нь 85 төгрөгөөр ирсэн хэдий ч үнэт цаас гаргагч “Ард Кредит ББСБ” ХК болон андеррайтерийн компани болох "Ард Капитал ҮЦК" ХХК-ийн зүгээс МХБ-ийн журам, хөрөнгө оруулагчдад өгөх өгөөжийг харгалзан үзэж нэгж хувьцааны нийлүүлэх үнийг нийт ирүүлсэн захиалгын тоо хэмжээгээр жигнэсэн дундаж ханш буюу 81 төгрөгөөр тогтоож, ирүүлсэн захиалгын 43.73 хувиар хувь тэнцүүлэн тооцож хуваарилалт хийсэнтэй холбогдуулан хөрөнгө оруулагчид тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг өнөөдрөөс буцаан авах эрх үүслээ.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж