"МОНОС ХҮНС" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Монос Хүнс” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэн, Монголын хөрөнгийн биржийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан, "Монос Групп" ХХК-ийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, "Монос Групп" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Ананд, "Монос Хүнс" ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь, "Голомт Капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Мөнхжаргал нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн 5,956 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.
"Монос Хүнс" ХК нь эрүүл мэндийн салбараас анх удаа олон нийтэд үнэт цаасаа санал болгож байгаа компани бөгөөд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх болон техник технологийг сайжруулах зорилгоор нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122,655,128 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалж, нийт 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна. Үнэт цаасны худалдан авах захиалгыг 2019 оны 4 дүгээр сарын 22-ноос 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн гишүүн бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах юм.
"Монос Хүнс" ХК-ийн үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж