СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

Засгийн газрын бонд буюу засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны талаар

F74e92dbfd8666b3f282174dc3e85c72cc476488

1. Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаас (ЗГЖҮЦ) гэж юу вэ?

ЗГЖҮЦ нь хувь хүн, аж ахуйн нэгжид зориулсан хөрөнгө оруулалтын хэрэгсэл бөгөөд нэгж бүр нь 100,000.0 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, тогтсон хугацаанд хүү төлдөг
/тогтмол хугацаанд эсхүл үнэт цаасны хугацааны эцэст/ Засгийн газрын өрийн бичиг юм.

Энэ нь Монголбанкаар дамжуулан арилжаалж буй үнэт цааснаас өөр төрлийн бүтээгдэхүүн бөгөөд Монголын хөрөнгийн биржээр арилжаалж, брокер, дилерийн компаниудаар захиалга авна.

2. ЗГЖҮЦ-ыг худалдан авах нь ямар давуу талуудтай вэ?

ЗГЖҮЦ нь дараах хэд хэдэн давуу талтай. Үүнд:

а. Засгийн газрын аливаа өрийн бичиг, үнэт цаас нь хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогддог.

б. Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 16.1.16, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.1.1-д тус зааснаар Засгийн газрын үнэт цаасны төлбөр, хүү, анз нь татвараас чөлөөлөгдөх орлогод тооцогддог.

в. Засгийн газрын үнэт цаасны хүү, өгөөж нь зах зээлийн зарчмаар тогтоогддог тул зах зээлийн нөхцөл байдалтай уялдаж өндөр өгөөжтэй байдаг.

г. Засгийн газрын үнэт цаас нь хөрвөх чадвартай байдаг буюу үнэт цаасыг хугацаа нь дуусахаас өмнө аливаа торгуульгүйгээр бусад этгээдэд худалдах, бэлэглэх, барьцаалах бүрэн боломжтой.

Түүнчлэн, аж ахуйн нэгжүүдийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.7, 5.1.8, 5.1.17, 20.2, 43.7-д тус заасны дагуу Засгийн газрын үнэт цаасыг тендерийн, урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа болгох боломжтой.

3. ЗГЖҮЦ-ны хүүгийн түвшин ямар байгаа вэ?

ЗГЖҮЦ-ны хүүгийн түвшин, үнийг зах зээлийн жишигт нийцүүлэн Сангийн яамнаас тогтооно. ЗГЖҮЦ-ны арилжааг долоо хоног бүр зохион байгуулах бөгөөд долоо хоног бүрийн Лхагва гарагийн 14:00 цагт санал авах хугацааг эхлүүлж, энэ нь дараа долоо хоногийн Мягмар гарагийн 11:00 цаг хүртэл үргэлжилнэ. Сангийн яамнаас тогтоосон хүү нь энэхүү санал авах хугацааны турш хүчинтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Та Сангийн яамны веб хуудас, Монголын хөрөнгийн биржийн веб хуудас-наас гадна брокер, дилерийн компаниудаас авах боломжтой.

4. ЗГЖҮЦ-ны хугацаа нь ямар байх вэ?

ЗГЖҮЦ-ыг эхний ээлжинд зөвхөн богино хугацаат буюу 3 сар, 6 сар болон 1 жилийн хугацаатай долоо хоног бүр арилжаалах бөгөөд цаашид урт хугацаат буюу 1 жилээс дээш хугацаатай жижиглэнгийн үнэт цаас гаргах болно.

5. ЗГЖҮЦ-ны хүү хэр тогтмол төлөгдөх вэ?

Олон нийтэд санал болгож буй 3 болон 6 сарын хугацаатэй ЗГЖҮЦ-ны хүү нь үнэт цаасны хугацааны эцэст төлөгдөх бол 12 сарын хугацаатай үнэт цаасны хүү нь сар бүр төлөгдөнө.

Өөрөөр хэлбэл, 3 болон 6 сарын хугацаатай ЗГЖҮЦ-ыг хямдруулсан үнээр худалдан авч, хугацааны эцэст нэрлэсэн дүнгээр төлөгдөх болно. Жишээ нь, 3 сарын хугацаатай ЗГЖҮЦ-ыг 15.795 хувийн хүүтэй зарсан тохиолдолд хямдруулсан үнэ нь 96,493.0 төгрөг болно. Энэ тохиолдолд 100,000.0 төгрөгийн нэрлэсэн үнэтэй ЗГЖҮЦ-ыг худалдан авахдаа хямдруулсан үнэ буюу 96,493.0 төгрөгөөр худалдан авах ба 3 сарын дараа үнэт цаасын хугацаа дуусах үед 100,000.0 төгрөг авах юм.

Харин 1 жилийн хугацаатай, 100,000.0 төгрөгийн ЗГЖҮЦ-ыг 16.0 хувиар худалдан авлаа гэж үзвэл үнэт цаасыг нэрлэсэн үнээр авах бөгөөд нийт хүүгийн төлбөр нь 16,000.0 төгрөг болно. 1 жилийн хугацаатай ЗГЖҮЦ-ны хүү нь сар бүр төлөгддөг тул энэхүү 16,000.0 төгрөгийг 12 тэнцүү хувааж сар бүр тогтмол төлөх ба хугацааны эцэст үндсэн төлбөрийг нэрлэсэн дүнгээр гүйцэтгэх болно.

6. ЗГЖҮЦ-ыг хэрхэн худалдан авах вэ?

ЗГЖҮЦ-ыг дараах алхамын дагуу худалдан авна. Үүнд:

  1. Брокер, дилерийн компани /цаашид “БДК”/ дээр очиж хувь хүний болон аж ахуйн нэгжийн нэр дээр үнэт цаасны данс нээлгүүлэх өргөдөл өгнө / Та Монголын хөрөнгийн биржийн гишүүн брокер, дилерийн компаниудын мэдээллийг энд дарж авах боломжтой/.
  2. БДК нь Таны нэрийн өмнөөс төвлөрсөн хадгаламжид үнэт цаасны данс нээж өгөх ба дансны дугаарыг Танд мэдэгдэх болно.
  3. БДК-д захиалгаа өгч, захиалгын гэрээ байгуулан, төлбөрөө төвлөрсөн хадгаламж дах өөрийн нэрийн дансанд шилжүүлнэ /Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу Монгол Улсад нэг төвлөрсөн хадгаламж байдаг бөгөөд энэхүү үүргийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв 100.0 хувь төрийн өмчит компани гүйцэтгэдэг/.
  4. Таны санал биелсэн эсэх мэдээллийг БДК мэдэгдэнэ.
  5. ЗГЖҮЦ-ны хугацааны дагуу Таны үнэт цаасны дансанд төлбөр хийгдэх бөгөөд БДК- даа мэдэгдэл өгч төлбөрөө авна.

Та өөрийн үнэт цаасны дансны үлдэгдлийн мэдээлэл болон хуулга авах бол БДК-даа мэдэгдэн авах, эсхүл Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-д очиж интернет данс нээлгэх боломжтой.

7. Худалдан авсан ЗГЖҮЦ-аа нэмж болох уу?

Сангийн яамны зүгээс долоо хоног бүр шинэ үнэт цаас арилжаалах тул өмнө арилжаалсан үнэт цаасыг дахин гаргах боломжгүй. Харин Та тухайн үнэт цаасыг худалдан авсан бусад хөрөнгө оруулагчдаас худалдан авах боломжтой юм.

8. ЗГЖҮЦ-ны үндсэн болон хүүгийн төлбөр хэрхэн хийгдэх вэ?

ЗГЖҮЦ-ыг арилжихдаа хүү болон үндсэн төлбөрийн огноог тогтоосон байдаг бөгөөд хуваарийн дагуу Таны арилжааны банкин дах дансанд шилжүүлэх болно.

9. ЗГЖҮЦ-ыг худалдан авахад нэмэлт зардал байгаа юу?

ЗГЖҮЦ-ыг худалдан авч буй хөрөнгө оруулагч нь зөвхөн брокер, дилерийн компанид үйлчилгээний шимтгэл төлнө. Үйлчилгээний шимтгэлийн хэмжээг Та харилцагч брокер, дилерийн компаниасаа авах боломжтой.

10. ЗГЖҮЦ-ыг худалдан авах дээд, доод хязгаар бий юу?

ЗГЖҮЦ-ны нэгжийн үнэ нь 100,000.0 төгрөг тул үүнээс доогуур хэмжээгээр авах боломжгүй. Сангийн яамны зүгээс нэг хөрөнгө оруулагчийн худалдан авах хэмжээнд дээд хязгаар одоогийн байдлаар тогтоогоогүй байна.

Эх үүсвэр: Сангийн яам