СИКАПҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИ

Монголын хөрөнгийн биржийн TOП-20 индекс

ИБУИНВУ-ын ЕХ-с гарах шийдвэр ба хөрөнгийн зах зээл

18ac4627da339ef6eb29efeda316190406367dfa

ИБУИНВУ нь ЕХ-оос гарах эсэх тухай санал асуулгын дүнг 2016.06.24-нд нийтэд зарласан бөгөөд нийт иргэдийн 52% нь Европын холбооноос гарах, 48% нь үлдэх санал өгсөнөөр ИБУИНВУ нь Европын холбооноос гарах нь тодорхой боллоо.
Энэ асуудал нь ИБУИНВУ-ын дотоодод төдийгүй гадаадын улс орнуудыг улс төрийн болон эдийн засгийн хөдөлгөөнд оруулж эхэлсэн байна.

Эдийн засгийн үүднээс харвал евро болон паундын ханш суларч эсрэгээрээ харьцангуй тогтвортой эдийн засаг бүхий улсуудын валютын ханш өсч чангарч эхэлсэн байна. Тухайлбал Японы иений хувьд 6 сарын 26-нд доллартай харьцах ханш нь 100-с дотогш орж арилжаагдсан. Тогтвортой эдийн засаг бүхий экспортлогч орнуудын хувьд энэ нь тийм хүсээд байх зүйл биш юм. Гол шалтгаан нь тухайн орны валютын ханш чангарсанаар тухайн орны бараа бүтээгдэхүүн гадаадад үнэтэй болж борлуулалт муудах, гаднаас ирэх жуулчдын тоо буурах зэрэг сөрөг нөлөө үүсдэг. Энэ нь эргээд энэ чиглэлийн компаниудын хөрөнгийн зах зээл дээр борлогдож буй хувьцааны ханшийг бууруулах сөрөг нөлөөг үзүүлдэг.

Дээрх нөхцөл байдлаас харвал ИБУИНВУ нь Европын холбооноос гарах нь тодорхой болсоноор Европын холбооны улсуудын гол гол индексүүд буураад зогсохгүй, бусад тогтвортой байгаа эдийн засаг бүхий улсуудад ч нөлөөлж индекс нь буурсан байна.

Зурагт Англи, Америк, Австрали, Японы гол гол индексүүдийг харуулж байна.
formula

formula

formula
Эх үүсвэр: Google finance

Зургаас харвал бүх индексүүд 6 сарын 24-өөс хойш уналттай гарч байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй байгаатай холбоотойгоор болгоомжлол үүсч байгааг илэрхийлж байна.

ИБУИНВУ-ын Европын холбооноос гарах болсон нь дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж байгаа ч хямралын хэмжээнд хүргэхгүй гэж Bloomberg-с мэдээлсэн. Хэдий тийм боловч Японы хөрөнгө оруулагчид энэ асуудалд ихээхэн болгоомжтой хандаж ИБУИНВУ-д буй өөрийн үйлдвэрийг шилжүүлэх тухай ярьж эхэлсэн байна. Гэхдээ үйлдвэрийг Нидерланд, Бельги, Франц зэрэг улсууд руу шилжүүлж болох боловч хэрэв энэ эрчээрээ Европын холбоо задарвал илүү их хямрал үүснэ гэж үзэж эцсийн шийдвэрээ хэрхэн гаргах тал дээр нарийн судалгаа хийж байгаа талаар NHK мэдээлж байна.

Жижиг эдийн засагтай, хөрөнгийн зах зээл нь олон улсын нөхцөл байдлаас тусгаарлагдсан манай улсын хувьд энэхүү өөрчлөлтүүд нь тэр даруйдаа хөрөнгийн зах зээлд нөлөөлөхгүй боловч валютын ханшийн өөрчлөлт болон бусад макро үзүүлэлтүүдээр дамжин хугацааны хоцрогдолтой нөлөөлөх нь гарцаагүй юм.

Манай улсын хувьд хамгийн түрүүнд мэдэгдэх боломжтой зүйл гадаадын хөрөнгийн зах зээлд гарсан томоохон уул уурхайн компаниуд болон манайд хөрөнгө оруулж буй гадаадын компаниудын хувьцааны ханшийн бууралт байна. Хувьцааны ханш буурснаар манайд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ буурах, эргээд уул уурхайн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт хойшлох нөхцөл бүрдэнэ. Иймд дэлхийн эдийн засагт гарч буй өөрчлөлтийг манай улс нарийн ажиглаж, эдийн засагт үзүүлэх нөлөөг багсгах арга хэмжээ авах хэрэгтэй юм.

"СИКАП ҮЦК" ХХК